Манай улсын ихэнх барилга байшин эрчим хүчний хэрэглээгээр “С” ангилалд багтдаг. “С” ангилалыг ахиулж “В” ангилалд оруулбал эрчим хүчний хэмнэлттэй барилгын зэрэглэлд орох боломжтой. Одоо байгаа хуучин барилгуудаа эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй болгох ажлуудыг олон улсын GIZ-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, NAMA, Улаанбаатар хот хамтраад нийслэлийн 1000 угсармал орон сууцны барилгын 375-ых нь гадна хана, дээврийг дулаалах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэж дулаалснаар тухайн барилгын эрчим хүч хэмнэлтийг 40 хувиар хэмнэх боломжтой. Улаанбаатар хотын угсармал барилгуудын дулаан алдагдал 40-60 хувь байдаг.
Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амины орон сууцны хийцлэлийн хувьд уламжлалт арга технологиор зураг төсөлгүй барьсан тоосгон, модон байшингууд дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр байшингууд эрчим хүчний хэрэглээ ихтэй, дулаан алдагдалтай, барилгын насжилт болоод чанар стандартын шаардлага хангаагүй, цана цохидог, мөөгөнцөрддөг, галлагаатай, хөрс агаар орчны бохирдол өндөр зэрэг хүлэмжийн хийн ялгарлын голомт болсоор байна.
Ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын хамгийн чухал хүчин зүйл бол Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон барилгын материалын чанар стандарт, хүртээмжтэй байдал нэн чухал. Сүүлийн жилүүдэд шинэ суурьшлийн бүсүүд барилга бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй нэмэгдэж байгаагийн хэрээр үүнийг дагасан барилгын материалын эрэлт, түүхий эд нэмэгдсээр байна.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хийцлэл, төрлүүд: Монгол улсад хамгийн түгээмэл ашиглагддаг барилгын материалуудаар жишээ авч эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад шаардлагатай, дулаалга, хашлага бүтээцийн хэсэглэлүүдийг жишээ болгож үзүүлэв.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны дулаалга, хашлага бүтээц нь эрчим хүчний үр ашигт хамгийн чухал нөлөөтэй. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихын тулд юун түрүүнд барилгын дулаан хамгаалалтын стандартын шаардлага, тухайн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ашиглагдаж буй эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлүүдийн техник эдийн засгийн үзүүлэлт зэргийг барилга архитектурын зураг төсөлд тусгах нь хамгийн эхний алхам юм. Түүний дараагаар барилга баригдаж байх явцад зураг төсөлд тусгасан материалын түүвэр, хашлага бүтээцийн дулаалга, дулааны гүүр зэргийг сайтар битүүмжлэх нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гол шалгуур үзүүлэлт болно.
Сүүлийн жилүүдэд барилгын салбарт шинээр нэвтэрч буй иргэдийн хамгийн их сонгож хэрэглэдэг 6-н төрлийн материалын хийцлэлээр жишээ авч тайлбартайгаар хүргэж байна.
- Евро Хөнгөн блок
- Полистрол Лего Блок
- Сип технологи
- Модон арагт бүтээц
- Полистрол хэв (Герман ICF технологи)
- Бүрэн цутгамал
Эдгээр түгээмэл баригддаг 6-н төрлийн хийцлэлийн хүргэж байна.
Евро хөнгөн блок
Шинж чанарын хувьд “Евроблок” нь хөнгөн, бат бэх, тэгш гадаргуутай, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, гал дэмждэггүй, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн юм.
Автоклавт жигнэж бэхжүүлсэн энэхүү бүтээгдэхүүн нь амины орон сууц, орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал гэх мэт иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийг барихад өргөн ашиглагддаг. Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог.
Полистрол лего блок: Полистрол лего блок нь ховилоороо нийлж, угсрахад хялбар төдийгүй, хүний гар ажиллагааны оролцоо багатай, кранаар өрөх боломжтой ба шавар зуурах шаардлагагүй шахдаг хөөсөөр нааж өрлөг хийж болдог. Зориулалтын U болон L блоктой учир опалк хийх шаардлаггүй бүс бетон цутгаж, шал тааз, дээвэр цутгах боломжтой. Орц найрлагийн хувьд хөөсөнцөр эдийг зуурмагт ашиглан үйлдвэрлэдэг тул элдвийн мэрэгч, шавж нэвтрэх, үүрлэх боломжгүй юм.
СИП хавтан: Сип хавтангийн бүтээц нь Монгол улсад Канад модон хийцлэлтэй амины орон сууцанд түгээмэл ашиглагддаг. Полиуретан хөөсөн дулаалгатай хавтан буюу олон улсын нэршлээр SIP –structural insulated panel гэдэг. Европын улс орнууд хагас зуун жилийн туршид хэрэглэж байгаа хүйтэн сэрүүн нөхцөлд туршигдсан боловсронгуй технологийн бүтээгдэхүүн юм. Манайд Сип технологийн амины орон сууцыг ихэвчлэн намгархаг, хөрсний устай, машин техник гарах боломжгүй өндөрлөг газарт гадсан суурь төлөвлөж барих нь тохиромжтой. Учир нь Сип хаус нь хөнгөн нэг цул угсарахад хялбар байдаг.
Сип хавтан нь шавар, нойтон ажиллагаа шаардлаггүй тул хавтан нь голдоо хөөсөнцөр дулаалгатай тул гадна талын дулааны гүүр, хаших бүтээцийг уулзваруудыг сайтар битүүмжилж, бороо цаснаас хамгаалж, зурагт үзүүлсэний дагуу чийг ус тусгаарлагч, мөнгөлөг цаасийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Дулаалгын хувьд гадна фасад ямар байхаас шалтгаалж фасадны дотор хананд араам зангидаж 10 см-аас багаггүй зузаантай эрдэст, чулуун хөвөн болон эко ноосон дулаалга гэх мэт дулаалгын материалыг сонголтоор хэрэглэж болно.
Модон арагт бүтээц (Канад технологи)
Манайд модон арагт бүтээцтэй амины орон сууцыг Канад технологийн байшин гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Модон арагт бүтээцтэй амины сууцны хувьд технологийн дагуу зөв төлөвлөж барихаас шалтгаалж Канад хаус гэж итгэлтэйгээр нэрлэх нь зүйтэй боловуу. Монгол улсад баригдаж байгаа модон арагт бүтээцтэй амины сууцнуудын хувьд ихэвчлэн зөөврийн маягийн чанар стандартын шаардлага хангахгүй зуны маягийн байшингууд ихэвчлэн баригддаг. Модон барилга нь дотроо олон төрөл зүйлтэй байдаг. Жишээ нь: Цул модон хаус буюу дүнзэн амины орон сууц, наамал дүнзэн хаус, палкан, модон арагт бүтээц гэх мэтчилэн мод боловсруулалтын төрлөөс хамаарч модон материалууд олон төрлөөр байдаг. Модон байшингийн ерөнхий шинж чанар нь маш сайн дулаан, дуу чимээ тусгаарлагч төдийгүй, газар хөдлөлтөнд тэсвэртэй, улирал хамаарахгүй богино хугацаанд барьж угсардаг, эко материал төдийгүй барилга ашиглалтын дараа хог хаягдалгүй, дахин ашиглах боломжтой гэх мэтчилэн ногоон барилгын шаардлагад бүрэн нийцдэг материал юм. Модон арагт бүтээцтэй амины сууц төлөвлөж байгаа бол хамгийн чухал хүчин зүйл нь хүний биед сөрөг нөлөөгүй химийн орц найрлаггүй материал сонгох, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны дулаалгын шаардлагын дагуу сайн дулаалга хийх хэрэгтэй. Модон материалаар барьж байгаа амины сууцанд ихэвчлэн эрдэст чулуун хөвөн, шүршдэг хөөс, хонины ноосон дулаалгыг түгээмэл ашигладаг. Модон байшинд эдгээр дулаалгын материалыг ашиглахад хамгийн тохиромжтой сонголт гэж үздэг. Ингэснээр хэрэглэгчид барилгын эрчим хүчний хэрэглээг бууруулдаг.
Полистрол хэв (Герман ICF технологи)
Энэхүү технологи нь Монгол улсад 10 гаруй жилийн өмнө бүтээгдэхүүний сайжруулалт туршилтийн үр дүнд барилгын салбарт нэвтрээд удаагүй инновацлаг дэвшилтэт технологи юм. Герман стандартаар үйлдвэрлэж буй тус бүтээгдэхүүн нь 1967 оноос эхлэлтэй төдийгүй мөс хадгалдаг хөөсөнцөр савнаас анх санаа авч, битүүмжлэл болоод дулаан алдагдал хамгийн бага байх шийдэлтэй, барилгын ханын дулаалгын материал байсан бөгөөд өнөө цагт энэ технологийг улам боловсронгуй болгож, барилга байшин барихад цаг хугацаа болоод өрөхөд маш хялбар аргаар болгож хөгжүүлсэн. Энэхүү технологийн давуу тал нь Монгол орны цаг уурын нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн өөрөөсөө шууд нягт өндөртэй полистрол хөөсөн дулаалгатай төдийгүй, угсархад хүний оролцоо багатай, тээвэрлэлтийн явцад хөнгөн, хөөсөн полистрол пумны гол шинж чанар нь голдоо хүнд жинтэй бетон зуурмаг цутгахад шингэний дотоод даралт болон чулуулгийн суултын хүчийг тэсвэрлэх чадвартай нягт өндөртэй технологи юм. Энэ төрлийн барилгын хийцлэлийг Цутгамал бетон ханын үл салах хэв хашмал гэж тодорхойлж болно. Хөөсөнцөр хэв хашмалаар өрлөг хийх явцдаа арматурчилж, өрлөгийг хийж дууссаны дараа бетон зуурмаг цутгаж бэхжүүлснээр үл салах дулаалгатай хана болж үлдэнэ. Үүнийг дэлхийн улс орнууд ICF технологи нэршлээр нь хэрэглэдэг.
Энэхүү технологи нь дулаан алдагдалгүй, битүүмжлэл өндөртэй тул агааржуулалтын системийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан солилцууртай агааржуулалтын системээр төлөвлөх шаардлагатай.
Бүрэн цутгамал
Барилгын салбарт хамгийн түгээмэл хэрэглэгдсээр ирсэн анхдагч хийцлэлийн нэг бол төмөр бетон бүтээц буюу бүрэн цутгамал барилга байшинг түгээмэл барьсаар ирсэн. Цутгамал бетон хийцлэлээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол ихэвчлэн 2 болон түүнээс дээш давхар амины орон сууц барихад тохиромжтой. Цутгамал барилга нь өртөг өндөртэй төдийгүй, мэргэжлийн барилгын хүний нөөцөөр барилгын норм стандартыг хатуу мөрдөж барих шаардлагатай. Бетоны марк болоод даац авах дам нуруу, багана зэргийг нарийн төлөвлөх шаардлагатай. Бүрэн цутгамал барилга нь физик механикийн өндөр үзүүлэлттэй төдийгүй насжилт өндөр, температурын хийгээд ус чийгийн нөлөөлөлд тэсвэртэй, газар хөдлөлтөнд тэсвэртэй.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол иргэдийн зүгээс хурдан барих, дулаан алдагдалгүй байх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн гамшигт тэсвэртэй байх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж материалын сонголтоо хийдэг болсон. Иймд ямар ч төрлийн хийцлэл сонгосон бай тухайн хийцлэлээр таны газрын онцлогт тохируулж дулаан алдагдалгүй, аюул осолгүй чанар стандартын шаардлага хангасан байхаар зураг төслийг мэргэжлийн байгууллага бүгдийг тооцоолж зурдаг. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын хамгийн чухал хүчин зүйл бол дулаан алдагдалгүй байх юм. Иймд байшин барих материалын хийцлэлдээ тохирсон дулаалгын материал сонгох, барилгын гадна, дотор тал, ямар хийцийг дулаалах, ашиглалтын нөхцлөл, материалын шинж чанараас хамаарч дулаалгын материалыг сонгоно.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ТӨВ